Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох хэргийг нэгтгэн, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох хэргийг нэгтгэн, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

“Шувуу” ажиллагааны хүрээнд одоогоос нэг жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр /2023.04.05/ Филиппин улсаас Монголд авчирч, хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар нарын хүмүүст холбогдох хэргийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тодруулбал, Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа улсын хилээр гарч явсан Т.Бадамжунайд холбогдох хэргийг шалгаж, улмаар тус хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр /2024.11/сард болж, шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Харин прокуророос "Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй" хэмээн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн бөгөөд түүнд дурдагдсан таван үндэслэлээс гурвыг нь хүлээн авч, хоёрыг нь хүлээн авахаас татгалзсан ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон байдаг. Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Т.Бадамжунайд хахууль өгсөн үйлдлийг нэгтгэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм. 

Гэсэн Т.Бадамжунай нарын өмгөөлөгч болон прокурорууд дээрх магадлалыг эс зөвшөөрч Дээд шүүхэд хандсан байдаг. Харин тус шүүхээс Т.Бадамжунай нарын өмгөөлөгчдийн гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар Ц.Анандбазарын үйлдлүүдийг уг хэрэгт нэгтгэн шийдвэрлэхээр болоод буй. Тэгвэл тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өнөөг хүртэл АТГ дээр үргэлжилж байгаа бөгөөд хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорт шилжүүлээгүй байгаа аж. Авлига албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдаад буй Т.Бадамжунайн эрүүл мэнд сайнгүй байгаа бөгөөд тэрбээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголдоо авч байгаа гэх мэдээлэл ч байна. Учир нь шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм. 

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунай нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллагдагчаар татаад байсан билээ.