Анхан шатны шүүхээс торгох ял сонссон З.Баянсэлэнгэ нарын ялыг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус хэргийн тойм мэдээллийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс гаргасан байна.
Тус мэдээлэлд "Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, З.Баянсэлэнгийг 19.200.000 төгрөг, Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг тус тус 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-аас 935.179.036,80 төгрөгийг гаргуулж хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож шийдвэрлэжээ.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч З.Баянсэлэнгэ, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, шүүгдэгч Ж.Бурмаа, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү”, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан “шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхээс З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-с 935.179.036,80 төгрөгийг гаргуулж хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байсныг шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлт хангагдтал хэвээр үлдээхээр өөрчилж шийдвэрлэлээ