Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2024.08.21/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд боллоо.
Тодруулбал, өмнө нь гурван шатны шүүхээр орж эцэстээ Улсын дээд шүүх З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзснаар тус хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг өнгөрсөн зургаадугаар сарын 04-ний өдөр хэлэлцээд З.Баянсэлэнгэд 19 сая төгрөгөөр торгох, Ж.Бурмаад 9 сая, М.Болортуяад мөн 9 сая төгрөгөөр торгох торгуулийн ял оноосон байдаг.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс З.Баянсэлэнгэ нарт оногдуулсан торгуулийн ялыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан байна. Харин тэдгээрийн битгүүмжилсэн байсан эд хөрөнгөөс хоёр эд хөрөнгийг чөлөөлжээ.
Хэргийг сануулахад, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. Товчхондоо, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.