Парламент телевизийн “Аргумент хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт оролцох үеэр маргаан үүсгэж, зодолдсон хэргээр шалгагдаж байсан “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шалгаад, прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Гэсэн ч тэрбээр яллах дүгнэлттэйгээ танилцаж, гарын үсэг зурахгүй байгаа аж. Тиймээс шүүхээс Х.Бат-Ялалтыг албадан ирүүлэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас "Х.Бат-Ялалт нь яллах дүгнэлттэйгээ танилцахгүй, дуудсан цагт ирэхгүй байгаа учраас албадан ирүүлэх санал"-ыг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, Х.Бат-Ялалтыг албадан ирүүлэх тухай захирамж гаргасан байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр маргалдаж, зодолдсон хэрэг гарсан байдаг. Улмаар тус хэргийг мөрдөн шалгаж байсан юм.
Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас 2023 оны дөрөвдүгээр сард иргэн Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллагдагчаар татсан байна. Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг иргэн Х.Бат-Ялалтад танилцуулахаар мөрдөгч, прокуророос удаа дараа дуудсан боловч мөн л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар баривчлах саналыг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаж шийдвэрлэсэн байдаг.
Ааа пяз ???? pic.twitter.com/hHLMvYw3oW
— AnkhjargalD (@AnkhjargalP) April 27, 2022