ТББХ: Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн шийдвэрийг хүлээж авсангүй

ТББХ: Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн шийдвэрийг хүлээж авсангүй

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. ҮХЦ-ийн гишүүнээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан дэвшүүлсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь саналаар Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнээр нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжсэн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар Хуульзүйн байнгын хороонд танилцуулах юм.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, судлаач Д.Ганхуяг тэргүүтэй иргэд “УИХ-ын гишүүн Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад чөлөөлсөн нь буруу. УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь бас буруу. УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

Уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс чөлөөлсөн шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Харин нөхөн сонгууль зарласан УИХ-ны тогтоол нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн байна гэж үзсэн юм. Мөн нөхөн сонгуульд зарцуулах төсөв баталсан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тодруулбал, "Сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах ёстой байтал Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна" гэсэн юм.