“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны өдөр /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, улмаар цагдан хорьж мөрдөн шалгаж байсан билээ.
Гэсэн ч үүнээс нэг сарын дараа “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа, тус компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарыг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Харин бүлэг зохион байгуулалтад орж, бусдыг дарамталдаг байсан гэх Э.Хаш-Эрдэнийг үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.
Тэгвэл Р.Базараа нарыг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүсийг "Банк хууль бусаар байгуулах", "Банкны төлбөрийн чадвар алдагдуулах", "Мөнгө угаах", "Хүнийг хүчээр алга болгох", "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа аж.
Эрүүгийн тухай хуулийн 18.13 дугаар зүйлийн "Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах" 1-д "Банкыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нээж үйл ажиллагаа явуулсан, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль бусаар бүрдүүлсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн "Мөнгө угаах" 1-д "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.
Харин Эрүүгийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн "Хүнийг хүчээр алга болгох" 3.2-д "хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ, харин 17.6 дугаар зүйлийн "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" 1-дБусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.