Худалдагчийг хутгаар сүрдүүлсэн ОХУ-ын иргэн "Grand Villa" хотхоны иргэдээс архи, тамхи нэхдэг бөгөөд тус дэлгүүрээр өмнө нь үйлчлүүлж байжээ

2024-08-01 19:10

"Хутга гаргасан" гэх ОХУ-ын иргэн В-ийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Энэ сарын 27-нд Улаанбаатар хотын "Grand Villa хотхоны дэлгүүрээр үйлчлүүлсэн ОХУ-ын иргэн хутга гаргаж танхайрсан байж болзошгүй хяналтын камерын бичлэг цахим сүлжээнд цацагдсан.

Тэгвэл энэхүү хэргийн талаар ЦЕГ-аас, "Хутга гаргаж, бусдыг айлган сүрдүүлсэн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна. Цахим орчинд “Энэ орос архи аваад ёс төдий багахан мөнгө өгөөд худалдагч охин шаардлага тавихад нь хутга гаргаж үзүүлж айлгаж байна хууль үйлчлэхгүй гээд эд нар бүр даварч дууслаа шүү” гэх мэдээлэл тархаад байсан. Өнөөдөр /2024.08.01/ 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Peace mall” худалдааны төвөөс Монгол Улсад оршин суух ОХУ-ын иргэн Ф.П.В /51 настай/-г цагдаагийн алба хаагчид олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна" гэж мэдэгдлээ. 

2024-08-01 07:30

Худалдагчийг хутгаар сүрдүүлсэн ОХУ-ын иргэн "Grand Villa" хотхоны иргэдээс архи, тамхи нэхдэг бөгөөд тус дэлгүүрээр өмнө нь үйлчлүүлж байжээ

Манай улсад ирэх ОХУ-ын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэж болно. Энэ нь Орос, Украины дайнтай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Магадгүй энэхүү олон тооны иргэдийн урсгалыг дагаад ОХУ-ын иргэд манай улсад хэрэг зөрчилд холбогдох нь нэмэгдсэн.

Тухайлбал, Энэ сарын 27-нд Улаанбаатар хотын "Grand Villa хотхоны дэлгүүрээр үйлчлүүлсэн ОХУ-ын иргэн хутга гаргаж танхайрсан байж болзошгүй хяналтын камерын бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Улмаар уг хэргийн талаар Цагдаагийн газраас тодруулахад, “Энэ талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй. Бичлэг дээр байсан хутгатай эрэгтэй ОХУ-ын иргэн мөн” гэх мэдээллийг өгсөн юм.

Харин бид тус дэлгүүрт очиж, худалдагчийг түр орлож буй цагийн ажилтнаас болсон явдлыг талаар тодруулахад “ОХУ-ын иргэн хутга гаргаж сүрдүүлсэн нь үнэн. Тэр хүн манайхаар өмнө нь хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан. Тухайн өдөр кассан дээр манайд ажилладаг эмэгтэй зогсож байсан. Тэр ажилтан одоо байхгүй. Дахиад ирэхгүй байх. Болсон явдлын талаар ярих боломжгүй байгаа” гэсэн юм. Харин энэ талаар тус дэлгүүрийн эзнээс тодруулахад, “Бид хоёр өдрийн өмнө цагдаад дуудлага өгчихсөн. Одоо хэрэг мөрдөн шалгах шатандаа яваа учир бидний зүгээс ямар нэг мэдээлэл өгөх боломгүй байгаа” гэв.

Харин "Grand Villa" хотхоны хотхоны оршин суугчдын хэлж буйгаар, “Бичлэгт гарч буй ОХУ-ын иргэн нь тухайн хотхоны орчимд хэд хэдэн удаа харагдаж байсан. Зарим иргэдийг орой ажлаасаа тараад ирэх үед хотхоны гадаа архи асуугаад зогсож байсан. Манай хотхонд байр түрээсэлдэг байх. Эмэгтэйчүүд болон настай хүмүүсээс тамхи, пиво нэхээд явж байдаг. Энэ талаар нь хотхоныхон ч баггүй мэддэг болсон” гэсэн юм.

Түүнчлэн цахим орчинд тархаад буй дээрх хэрэг явдлын талаарх хяналтын камерын бичлэгт тус эрэгтэй нь лангуунаас согтууруулах ундаа авч, касс хэсэгт мөнгө шидэхдээ гартаа хутга барьсан байгаа нь харагдаж буй. Харин дараагийн хэсэгт худалдагч мөнгө дутуу байна гэсэн байдалтай гараа сарвайлгах үед эрэгтэй өөдөөс нь хутга харуулаад гарч явж байгаа нь бичигджээ.

Үүнээс харахад энэ нь ОХУ-ын иргэн худалдагчийн амь насанд заналхийлж, дээрэм хийсэн байж болзошгүй байгаа юм.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалтыг дурдвал: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/

"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Мөн дээрх хэрэгтэй төстэй Монгол Улсын иргэд үйлдсэн хэргийг сонирхуулахад, Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчид хутга тулган дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, БЗД, СХД цагдаагийн газрын алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 20 настай эрэгтэй Д, 22 настай эрэгтэй Б нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байх үед нь дайчлан баривчилсан байдаг.

Харин “Grand Villa” дэлгүүрийн худалдагч руу хутга гаргасан гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байгаа ч худалдагчийг хутгаар сүрдүүлсэн ОХУ-ын иргэнийг баривчлан, шалгаагүй байж магадгүй байгаа юм.

ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Харин сүүлийн жилүүдэд монгол суурьших, түр оршин суух ОХУ-ын иргэд илт нэмэгдэж буй. Улмаар тус улсын иргэд хэрэг зөрчилд холбогдох болсон. Санхуулахад, 2023 оны 12 дугаар сард ОХУ-ын иргэн Т гэгч нь Дархан-Уул аймагт байрлах нэр бүхий сүлжээ дэлгүүр болоод Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн кофе шопоор үйлчлүүлж байхдаа манай улсын иргэдтэй зүй бус харилцсан тул 10 хоног баривчлагдсан. Мөн 2022 оны 9 дүгээр сард ОХУ-ын иргэн Д гэгч манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж, амь насыг нь бүрэлгэсэн  хэрэг ч гарч байв.