Гадаад улсын хуурамч мөнгөн тэмдэгтийг “Х” банкны салбарт солиулж, гүйлгээнд оруулсан хэрэг гарчээ

Гадаад улсын хуурамч мөнгөн тэмдэгтийг “Х” банкны салбарт солиулж, гүйлгээнд оруулсан хэрэг гарчээ

Прокурорын байгууллага 2024 оны долоодугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүллээ.

Тухайлбал:

  • Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэн Ц нь гадаад улсын хуурамч мөнгөн тэмдэгтийг “Х” банкны салбарт солиулж, гүйлгээнд оруулсан гэх хэрэгт “Х” банкны салбарын захиралд Валютын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар;
  • Сэлэнгэ аймгийн прокуророос газраас сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч хичээлийн танхимд бусадтай маргалдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгтэй холбоотойгоор тухайн сургуулийн захиргаанд сурагчдад чиглэсэн эерэг нөлөөллийн болон хууль тогтоомж сурталчлах ажил хийх талаар,
  • Тус аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд зөрчлийн хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд Шаамар суманд 2024 оны эхний хагас жилд үйлдэгдсэн зөрчлийн хэргийн гаралт урьд оноос 5.1 дахин өссөн байна. Тиймээс гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар сумын Засаг даргад;
  • Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн О нь нэр бүхий буудалд үйлчлэгчээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгчийн цүнхнээс бэлэн мөнгө хулгайлж, хохирол учруулсан гэх хэрэгт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар тухайн аж ахуйн нэгжид тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй юм.