Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 52 настай иргэнийг саатуулан, шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 52 настай иргэнийг саатуулан, шалгаж байна

"Орон нутгийн замд согтуу хүн машин жолоодож явна" гэсэн тайлбартай, сэрэмжлүүлэг бичлэг цахим сүлжээнд тавигдсан. Улмаар тус мэдээллийн дагуу ТЦА-наас шалгалтын ажиллагаа  явуулж байгаа аж.

Тодруулбал, 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр нэр бүхий иргэний цахим хаягаас "Toyota Harrier" загварын машиныг согтуу хүн жолоодож явна. Та бүхэн болгоомжтой яваарай. Иймэрхүү хүмүүстэй тааралдаж байна шүү" гэсэн тайлбар бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 52 настай иргэнийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулахад тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх, жолоодуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахтай тааралдсан тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, зөрчлийг таслан зогсооход хамтран ажиллахыг зөвлөж байна.