ВИДЕО: "Мэдүүлэг авах журмаар эрүүдэн тамласан" гэж талийгаачийн эгч мэдэгдлээ

ВИДЕО: "Мэдүүлэг авах журмаар эрүүдэн тамласан" гэж талийгаачийн эгч мэдэгдлээ

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн алба хаагчид утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан иргэнийг байцаах үедээ эрүүдэн шүүсэн үүний улмаас тухайн иргэн амиа алдсан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж буй. 

ВИДЕО: 

Тэгвэл энэ талаар талийгаачийн эгч өнөөдөр /2024.07.24/ мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дараах зүйлийг тодруулж хэлмээр байна. Миний дүүг гэмт хэрэгтэн 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан мэтээр ярьж байна. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байсан буюу шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байсан. Үүнийг онцолж хэлмээр байна. Тухайн холбогдсон байсан хэрэг нь гадуур шалгах боломжтой хөнгөн гэмт хэрэг байсан.

Үүний дагуу хэрэг нь шалгагдаад өчигдөр /2024.07.23/-нд хариу нь гарсан. Гэтэл дүү минь шүүхийн хариу гарахаас нэг цагийн өмнө нас барсан. Тухайн хэрэгт дүү маань гэм буруугүй байсан.

Хамт явж байсан хүн нь утас хулгайлснаас болж сэжигтнээр шалгагдсан. Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн нэр бүхий цагдаагийн алба хаагчид хэлтэс дээрээ авчирч мэдүүлэг авах журмаар эрүүдэн тамласан. Нийтдээ найман хүн байсан. Цагдаагийн алба хаагчдад зодуулж, тамлуулсан гэдгээ ар гэрийнхнээсээ нуусан. Үүнийг нь бид 3-4 хоногийн дараа мэдсэн. 

Ингээд Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн. Найман алба хаагчдын зургаа нь тогтоогдсон. Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгснөөс болж сэжигтэн байсан миний дүүг нэг сараар саатуулсан. Саатуулж байх хугацаанд нь Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа залгаж утсаар дарамталсан. Нэг сарын хугацаа нь дуусаад гараад ирсний дараа нь мөн л хянагчаар нь дамжуулж дарамталсан. Үүнийг мөн шалгах хэрэгтэй. Энэ мэт дарамт шахалтаас болж айсандаа Авлигатай тэмцэх газар очиж чадаагүй. Байцаалт өгч чадахгүй явсаар байх үед нь Авлигатай тэмцэх газраас тодруулсан зургаан албан хаагчийг таниулахаар дуудсан. Ийнхүү Авлигатай тэмцэх газар луу очиж явахад нь хашааных нь үүднээс Баянгол дүүргийн хоёр цагдаа барьж авсан. Авч явсныхаа дараа хэргийг нь Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлээд 461 дүгээр хорих ангид гурван сарын баривчилгаанд явуулсан. Долдугаар сарын 11-нээс дүүгийн минь биеийн байдал муудаж эмнэлэгт мэдэгдсэн гэж хэлсэн. Гэтэл одоо 461 дүгээр хорих анги, прокурорын байгууллага аль аль нь мэдэхгүй байгаа. Бид шат шатны бүх байгууллагуудад гомдолтой байна. Дүү минь одоо өөрийгөө өмөөрч үг хэлэх ямар ч эрхгүй болсон" гэв.