Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагт эхэлж 24 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Дөнгөж сая түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг Засгийн газраас баталжээ.
Төрийн санхүүжилтээр барьсан 1,542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа бөгөөд тэдгээр орон сууцнуудыг түрээслүүлэхээс болсон байна. 1,542 айлын орон сууцны хөтөлбөрийг “Хөгжлийн банк”-ны санхүүжилтээр барьж дуусгажээ.
Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийж байна. Тэрбээр хэлэхдээ, “Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна.
Найман хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа нь түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах 77 мянган айл өрхийн болон цаашид нэмэгдэх эрэлтийг шат дараатай хангах орон сууцжуулах бодлогыг Засгийн газар баримталж байна. Улаанбаатарт 972, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад 570 айлын орон сууц буюу нийт 1,542 айлын орон сууц юм. Буян-Ухаад 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Эдгээр барилгыг түрээслэх шийдвэр Засийн газраас гаргалаа. Нийслэлд баригдсан 972 айлын орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл НОСК харицаж иргэдэд түрээслүүлнэ. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийднэ. Нийтдээ таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн. Барилга хүлээж авах улсын комисс байгуулагдаж байна. Дулааны шугамын асуудлыг төрөөс санхүүжилт гаргаж шийдэж өгсөн.
Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үрээр 15 мянган айлын орон сууцны Солонго хорооллын ажил эхэлсэн. Түрээсийн орон сууц сонирхсон иргэд маш их байна” гэлээ.