Энэтхэгийн тэрбумтаны хүү Анант Амбанигийн хурим энэ сарын 12-14-ны өдрүүдэд болно

Энэтхэгийн тэрбумтаны хүү Анант Амбанигийн хурим энэ сарын 12-14-ны өдрүүдэд болно

Энэтхэгийн алдарт бизнесмэн, тэрбумтан, “Форбес” сэтгүүлийн нэрлэсэн баячуудын тоонд багтдаг Мукеш Амбанигийн хүү 28 настай Анант Амбанигийн хурим энэ долдугаар сарын 12-14-ны өдрүүдэд болох гэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.

Хурим Анантийн эцэг эх Мукеш, Нита Амбани нарын Мумбай дахь Антилиа хэмээх 27 давхар байшин мөн гэр бүлийн эзэмшлийн “Jio World Convention Centre” хэмээх газар зохион байгуулагдах ба 16,000 гаруй хүн оролцох төлөвтэй байгаа аж. Хуримын талаарх бусад мэдээлэл өндөр нууцлалтай байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй талаар олон улсын хэвлэлүүд бичжээ.

Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд Жамнагар хотод хуримын өмнөх үдэшлэгээ сүр дуулиантай хийж 1200 гаруй зочид ирээд байсан юм. Тухайн үед ирсэн зочдын дунд Билл Гейтс, Марк Зукерберг, Иванка Трамп, Рианна зэрэг алдартнууд багтсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан. Мөн Энэтхэгийн тэрбумтнууд, Болливудын одод, Катар, Канадын ерөнхий сайд, Бутаны хаан тэргүүтэй дипломат зочид ч багтаж байсан. Сүйт залуу Анант Амбани удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Радика Мерчанттайгаа гэрлэж байгаа ба сүйт бүсгүй нь "Encore Healthcare" компанийн гүйцэтгэх захирлын охин юм.