Талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр: Б.Махбал суллагдана гэдэг нь ташаа мэдээлэл

Талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр: Б.Махбал суллагдана гэдэг нь ташаа мэдээлэл

Зам тээврийн яамны газрын дарга асан Б.Махбалыг ням гарагт суллана гэсэн мэдээллийг зарим сайтад өнөөдөр нийтлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10.2-т “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж заажээ.

Энэ дагуу бид талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүнтэй холбогдон тодруулахад “Хэрэг анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцсан. Б.Махбал суллагдах учиргүй. Надад түүнийг суллах шийдвэр гаргасан талаар танилцуулаагүй. Б.Махбал зориуд ташаа мэдээлэл тарааж байж болзошгүй.” гэв.

Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү Б.Махбалыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ дуусаагүй гэсэн юм.