Японы “Тоёота” компанид шалгалт орж “Yaris Cross, Corolla Fielder, Corolla Axio” автомашинуудын үйлдвэрлэлийг зогсоожээ

Японы “Тоёота” компанид шалгалт орж “Yaris Cross, Corolla Fielder, Corolla Axio” автомашинуудын үйлдвэрлэлийг зогсоожээ

Японы Тээвэр, аялал жуулчлалын яамнаас автомашины томоохон үйлдвэрлэгч “Тоёота”-н төв байранд шалгалт хийж эхэлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус улсын Тээвэр, аялал жуулчлалын яамнаас “Тоёота Мотор Корпораци”, “Мазда”, “Яамаха Мотор”, “Хонда”, “Сузуки” зэрэг таван аж ахуйн нэгжид шалгалт хийж, захиргааны хариуцлага тооцсон байна.

Тус компаниудыг тээврийн хэрэгслийн гэрчилгээний луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Мөн “Тоёота” компаний “Yaris Cross, Corolla Fielder, Corolla Axio” зэрэг гурван автомашиныг хэрэглэгчдэд хүргэхгүй байхыг анхааруулж, үйлдвэрлэлтийг энэ зургаадугаар сар /2024.06/-ыг дуустал зогсоохоор болсон байна.

-ТУС АВТОМАШИНУУДЫН ЗОРЧИГЧИЙГ ХАМГААЛАХ ТУРШИЛТЫН МЭДЭЭЛЭЛ ХАНГАЛТГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ ЗУРГААДУГААР САРЫГ ДУУСТАЛ ҮЙЛДВЭРЛЭЛТ БОЛОН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООЖЭЭ-

Эдгээр гурван автомашины хувьд явган зорчигч болон зорчигчийг хамгаалах туршилтын мэдээлэл хангалтгүй, мөн өмнөх үеийн “Crown cedan, Isis” болон хуучин “Sienta” микроавтобусын ослын туршилт болон бусад туршилтын аргуудын алдааг давтсан гэж шалгалтын явцад үзжээ. Энэ талаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ''Тоёотагийн төв оффист анх удаа шалгалт орлоо”, “Автомашины гэрчилгээний луйвар, хууль тогтоомжийг үл тоомсорлох явдал яагаад давтагдаж байна вэ, “Тээврийн хэрэгслийн гэрчилгээний луйврын нөлөөлөл борлуулалт, тээвэрлэлтэнд нөлөөлөх үү”, “Японы ноён нуруу болсон автомашины үйлдвэрлэлд удаа дараа гарсан луйврын тохиолдлуудад хэрэглэгчид эргэлзэж байна” зэрэг гарчигтай мэдээлэл гарч эхэлжээ. Тус улсын эдийн засагчдын зүгээс “Үйлдвэрлэл болон борлуулалтад үзүүлэх сөрөг нөлөөний талаар санаа зовж байгаа"-гаа мөн илэрхийлж эхэлсэн байна.

-ЭНЭ ЖИЛ АЙМАГ, СУМДЫН 100 ЖИЛ ИХЭЭР ТОХИОЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭД ЯПОНООС АВТОМАШИН ИХЭЭР ЗАХИАЛЖЭЭ-

Тэгвэл манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Тоёота Монголиа” компаний зүгээс хэрэглэгчдийнхээ захиалгуудыг удаасандаа хүлцэл өчин мэдэгдэл гаргажээ. Учир нь энэ жил аймаг, сумдын 100 жилийн ой ихээр тохиох болсонтой холбогдуулан иргэд шинэ автомашин захиалах нь ихэсчээ. Гэвч зарим иргэд захиалсан автомашинаа жил гаруй хугацаанд хүлээж байгаа талаараа тухайн компаний цахим хуудсанд хандсан байна. Харин “Тоёота Монголиа” компаний зүгээс БНХАУ-ын Тяньжин боомт зогсонги байдалд орж, чингэлэгийн бөөгнөрөл үүссэнээр Японоос Монгол руу чиглэсэн "Тоёота" брэндийн автомашины тээвэрлэлтийн нөхцөл байдалд хүндрэл учраад байгаа талаар мэдээлжээ.

Гэсэн ч Япон дахь "Тоёота" компанид үүссэн асуудал тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нөлөөлсөн байж болзошгүй байна.

Мөн Тяньжин боомтод одоогийн байдлаар 7 мянга орчим контейнер гацсанаас 5450 чингэлэг Монгол Улс руу гарахаар хүлээгдэж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар энэ тоо 6 мянга хүрсэн талаар Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос мэдээлжээ.