Унгар улсын Дебрецен хотноо болсон сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд оролцсон Монголын шигшээ бага Олимпын эрх олгох сүүлийн Францтай хийж, 20:21 харьцаатай хожигдол хүлээсэн.
Улмаар үүнтэй холбогдуулан Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл үүрэгт ажлаа өгөхөө өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Монголын шигшээ баг Израилтай хийсэн тоглолтын үеэр эсрэг багийн тамирчныг мөргөсөн А.Анандыг дараагийн тоглолтод оролцуулахгүй байхаар тэмцээний шүүгчид шийдвэрлэсэн. Тиймээс олимпын эрх авах эцсийн тоглолтод Францын эсрэг Монголын шигшээ багын Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар тоглосон юм.
Тэгвэл дээрх үйл явдалтай холбоотойгоор 3х3 Монголын шигшээ багийн тоглогч А.Ананд өөрийн цахим хуудсаар дамжуулан баг хамт олон болон монголын ард түмнээс уучлал хүсжээ.
Тэрбээр, “Юуны түрүүнд нийт монголчуудаасаа уучлалт хүсье. Эцсийн мөч хүртэл тэмцсэн баг хамт олноосоо бас уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна. Маш том сургамж боллоо гэж харж байна. Алдаанаасаа маш сайн суралцахыг хичээж, дахин та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй байхыг хичээх болно. Маш их харамсаж байна. Дахин та бүхнээсээ уучлалт хүсье” гэжээ.