Жолооны эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо

Жолооны эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо

Прокурорын газраас иргэн Л-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлжээ.
 
Шүүгдэгч Л нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ “IST” загварын 00-00 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
 
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
 
Иймд шүүгдэгч Л-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.