Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийх гурван өдрийн айлчлал өчигдөр эхэлсэн. Тэрбээр айлчлалаа бүдүүлэг зангаар эхлүүлсэн гэхэд болно. Ерөнхийлөгчийн онгоц Британийн нийслэлд газардаж ч амжаагүй байхад Дональд Трамп Лондон хотын дарга Садик Ханыг “доромжилсон” мэдэгдлийг твиттердээ нийтлэсэн юм.
Тодруулбал, Лондон хотын дарга Америкийн Ерөнхийлөгчийг Британид ёслол төгөлдөр угтах гэж байгаад тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлж байв. Харин үүний хариуд Трамп “Лондон хотын даргын албан тушаал дээр байгаа Садик Хан үүргээ аймшигтайгаар биелүүлдэг, тэр Их Британийн гол холбоотон АНУ-ын ерөнхийлөгчид дайсагнаж ханддаг. Тэр дүүрчихсэн бүтэлгүй амьтан, тэр надруу биш Лондонгийн гэмт хэрэгт анхаарлаа хандуулсан нь дээр” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татав.
Лондон хотын даргын дургүйцэл, Трампын “бүдүүлэг” зангийн аль аль нь нэгэнт төлөвлөсөн арга хэмжээнд саад болсонгүй. Юун түрүүнд АНУ-ын төрийн тэргүүнийг Букингемийн ордны цэцэрлэгт хатан хаан II Елизавета, ханхүү Чарльз, түүний гэргий Камилла нар угтан авсан юм. Үүний дараа АНУ-ын түүхэнд хамаарах үзмэрүүдийг Америкийн зочдод үзүүлжээ.
Харин дараа нь нэр нь үл мэдэгдэх дайчны булшинд цэцэг өргөн, Трамп хатан хааны гэр бүлийнхэнтэй цайлсан байна. Харин хамгийн гол арга хэмжээ нь өчигдөр үдэш Букингемийн ордонд болсон хатан хааны цэнгүүн байлаа. Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хүндэтгэлийн оройн зоогт 170 орчим зочин уригджээ. Зочдыг хатан хаан биечлэн сонгож урьсны дээр, оройн зоогийн цэсийг ч мөн эрхэм дээдэс өөрөө сонгожээ.
Суултуур дээрх Трамп буюу британичуудын эсэргүүцэл
Британид айлчлахаасаа өмнөхөн Их Британийг ЕХ-оос гарах явц буюу Брекзитийг хэрхэн явуулах, Тереза Мэйгийн оронд Ерөнхий сайдын албан тушаалд хэнийг сонгох талаар Трамп британичуудад зааварласан нь тэдний дургүйцлийг төрүүлсэн юм. Үүний хариуд британичууд Трампыг Нэгдсэн Вант улсын дотоод хэрэгт хошуу дүрсэн хэмээн буруутгаж, улмаар айлчлалыг нь эсэргүүцсэн иргэд өчигдөр эсэргүүцлийн жагсаалаар Трампыг угтав.
Айлчлалын хүрээнд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал олноор товлогдсон бөгөөд эхнийх нь өчигдөр буюу зургаадугаар сарын гуравны өдөр Букингемын ордны эсрэг талд болсон юм. Британийн улс төрийн хүрээллийнхэн дундаас ч Трампыг эсэргүүцсэн хэд хэдэн хүн гарав. Тэд Трампын айлчлалыг сайшаахгүй байгаагаа илэрхийлэн Букингемын ордонд болсон цэнгүүнд оролцохоос татгалзсан юм. Тэдний дунд лейбористууд, либерал демократууд, мөн Британийн парламент дээр Трампыг үг хэлүүлэхгүй гэсэн саналаа дэмжүүлж чадсан Парламентын доод танхимын спикер ч багтжээ. Хатан хааны гэр бүл ч бүрэн бүрэлдэхүүнээрээ Трамптай уулзсангүй. Ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар Америкийн ерөнхийлөгчтэй уулзахаас татгалзсан юм.
Харин энгийн иргэдийн тухайд Трампыг балчир хүүхдээр дүрсэлсэн резинэн хүүхэлдэй хөөргөсөн бол гартаа утас барин, суултуур дээр сууж байгаа Трамп хүүхэлдэйг өнөөдөр хөөргөхөөр бэлтгэжээ. Трампын айлчлалыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд 250 мянга гаруй хүн оролцохоор төлөвлөсөн байна. Ийнхүү Америкийн ерөнхийлөгчийг эсэргүүцсэн давалгаа газар авч байгаа тул Дональд Трампын буудаллаж байгаа Америкийн элчин сайдын яамны байрны эргэн тойронд асар том талбайг эзлэсэн нутаг дэвсгэрийг хашаалан, аюулгүй байдлыг хангаж байгаа гэнэ. Харин Трамп ихэвчлэн нисдэг тэрэг хөлөглөн ийш тийш явж байгаа бол тун ховор тохиолдолд дээд зэргээр хуяглагдсан автомашин ашиглах юм байна.