Сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй З.Энхболд торгох ялаа эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан бол Б.Энх-Амгалан гаргаагүй байна

Сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй З.Энхболд торгох ялаа эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан бол Б.Энх-Амгалан гаргаагүй байна

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дөрвөн өдрийн турш явагдаж, өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгаланг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч З.Энхболдыг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл анхан шатны шүүхээс торгох ял сонссон З.Энхболд нь шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдахаар гомдол гаргасан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан одоогоор давж заалдах гомдол гараагүй байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа "Шүүхийн процесс дууссаны дараа бүх зүйл тодорхой болно. Шүүхээс гэм буруутайг нь батлаагүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэж Үндсэн хуульд заасан. Би гэм буруугүй гэдгээ хэлсэн. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч давж заалдана. Шүүхийн шийдвэр албажсаны дараа давж заалдах хүсэлтээ гаргана. Яллах дүгнэлт гараагүй байхад миний ялыг зохион болгон хэвлэлд тавьсан. Ингэж болохгүй. Улс төрийн захиалга байв уу гэж би хардаж байна " хэмээж байсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын тухайд тэрбээр "Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд улс төрд ажиллаж болохгүй гэсэн 5 жилийн ял өгч, 40 сая төгрөгөөр торгож байна" хэмээж байсан бөгөөд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр яригдаж байгаа гэх мэдээлэл гараад байна. Ямартай ч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх хэргээр торгох ял сонсоод буй дээрх нэр бүхий улстөрчдийн хэрэг цаг хугацааны хувьд сонгуулиас өмнө эцэслэгдэхгүй нь тодорхой болж байна.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө