ХОХИРОГЧИЙН АХ: Найзынхаа төрсөн өдөрт уригдаад явсан дүү маань хэдхэн цагийн дараа зодуулж, хүнд гэмтсэн байдалтай олдсон /ВИДЕО/

ХОХИРОГЧИЙН АХ: Найзынхаа төрсөн өдөрт уригдаад явсан дүү маань хэдхэн цагийн дараа зодуулж, хүнд гэмтсэн байдалтай олдсон /ВИДЕО/

Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж гэрээсээ баяр хөөр болон гэрээсээ гарсан 23-хан настай залуу, хэзээ  ч амьдралд нь өнөөдрийнх шиг хар дарсан зүүд шиг зүйл тохиолдоно гэж  төсөөлөөгүй байна. Гэвч тэр залуу  төсөөлөөгүй тэр л амьдралтайгаа өнөөдөр нүүр тулжээ.

Хэргийг тодруулбал, Хохирогч гэх залуу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр найзынхаа төрсөн өдөрт очсон байна. Тэрбээр найздаа баяр хүргэж,  түүнтэй цагийг зугаатай өнгөрүүлэхээр тухайн газарт уригдан очсон ч эцэстээ бусдад зодуулж, хүнд гэмтэл авч өнөөдөр үхэл амьдралын заагтай нүүр тулан тэмцэж байгаа аж. Тиймээс хохирогч гэх 23 настай залуугийн ар гэрийнхэн манай сайтад хандаж, болсон хэрэг явдлын талаар мэдээлэл өглөө.

ВИДЕО: 

Хохирогчийн төрсөн ах н.У

-“Манай дүү Улаанбаатар хотод байх гэрийнхэндээ “найзынхаа төрсөн өдөрт явлаа” гэж хэлээд  дөрөвдүгээр сарын 15-ы оройн 10:00 цагт гэрээсээ гарсан байсан. Найзынх нь төрсөн өдөр нэг караокед болсон юм байна лээ. Түүнээс хойш холбоогүй алга болчихсон. Гэтэл дөрөвдүгээр сарын 16-ы өдрийн өглөөний 04:00 цагт ГССҮТ-өөс манай аав руу залгаж “хүүхэд нь ухаангүй байдалтай эргүүлийн цагдаа нараар хүргүүлж ирлээ” гэж ярьсан.  Надтай болохоор 10:00 цагийн үед холбогдож хэлсэн. Бид маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 17-нд дүүтэйгээ очиж уулзсан. Тухайн үед манай дүүгийн эрүү нь дөрөв хугарсан, гар нь бяцарсан байдалтай ухаангүй байсан. Улмаар хоёр хагалгаанд орж, ухаан орсон.

Дүүгийн маань мэдүүлж байгаагаар, “Ардаас дагаж яваад байрны аркийн ойролцоо зодсон. Яг хэн, хэдүүлээ намайг зодсоныг санахгүй байна” гэсэн. Бидэнд тус хэргийн талаар үүнээс өөр мэдээлэл байхгүй.

Би тухайн өдөр төрсөн өдөр нь болсон гэх найзтай нь болон тэнд очсон хүмүүстэй холбоо барихыг оролдсон болов ч мессенжер, фейсбүүкээ түгжсэн байсан учир болоогүй. Дараа нь яаралтай холбогдохыг шаардаж олон нийтийн сүлжээгээр хайх үед хэдэн найз нь гарч ирээд хоёр өөр зүйл ярьсан.

Найзуудынх нь хэлснээр, “Бид шөнийн 01:00 цагт салж явсан” гэж байгаа юм. Харин зарим нь “Бид өглөөний 4:00 цагт тарцгаасан” гэх мэт өөр өөр зүйл ярьж байсан. Хамгийн чухал нь бидний зүгээс тэднийг цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөд хамтарч ажиллахыг хүссэн. Гэвч хамт байсан найз нь хүнд гэмтсэн байхад хэн нь ч хамтран ажиллахгүй байгаа. Тиймээс магадгүй дүүг маань зодсон хэрэгт холбоотой байх, бүр өөрсдөө ч оролцсон болов уу гэх хардлага төрөөд байгаа юм.

Дүүгээ зодуулсан байдалтай олдсоны дараа тэдний орсон гэх караокед очиж асууж лавлаж явах ухаан бидэнд байгаагүй тул цагдаад бүх зүйлээ даатгаад хариу хүлээж байна. Мөн өмгөөлөгч авсан байгаа. Одоогоор цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл өгсөн, бид хүлээж байгаа. Хамт байсан гэх хүмүүс нь олдохгүй байгаа учир хайж байгаа болов уу гэж бодож байна. Дүүгийн маань биеийн байдал нэлээд хүнд байгаа. Жил гаруй эмчилгээ хийх шаардлагатай болсон. Тиймээс найзуудыг нь нэгнийгээ хүнд байхад үнэхээр зодоогүй л бол мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлж мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн ярилаа.