ХАЙЛААСТЫН ОСЛЫН ХОХИРОГЧ: Том охин маань ухаан ороод хамгийн түрүүнд дүүгээ асуухад нь “бурхан” болсон гэж хэлж зүрхлээгүй сууж байна

ХАЙЛААСТЫН ОСЛЫН ХОХИРОГЧ: Том охин маань ухаан ороод хамгийн түрүүнд дүүгээ асуухад нь “бурхан” болсон гэж хэлж зүрхлээгүй сууж байна

Арав гаруй хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын өрхийн эмнэлэг орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Тухайн үед зам хөндлөн гарч явсан нэг айлын дөрвөн хүн энэхүү ослын улмаас хүнд гэмтэж бэртсэн бөгөөд нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон юм. Тус дөрвөн хүүхдийн хамгийн том нь буюу 26 настай эгч нь Гэмтлийн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт арав гаруй хоносны дараа ухаан орсон бол түүний 12 настай дүү болон 9 настай хүү нь гэмтлийн эмнэлэгт мөн хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлэгээс гарчээ.

ВИДЕО:

Бид хүүхдүүдийн биеийн байдал болон тухайн өдөр яг юу болсон талаарх мэдээллийг хүргэхээр Хайлаастад байх иргэн Г.Болормаагийнхийг зорьлоо. Биднийг очиход иргэн Г.Болормаа 9 болон 12 настай ач, зээ хоёр хүүгийн хамт байсан бөгөөд хоёр хүүгийн хөл боолттой тус тусын оронд хэвтэж байлаа. Есөн настай хүүгийн ээж болох иргэн Г.Болормаагийн том охин нь маш хүнд гэмтэлтэй тул хараахан эмнэлэгээс гараагүй байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд ухаан оролгүй сэхээн амьдруулахын тасагт байж байгаад саяхан ухаан орсон тэрээр "цаашид хоёр том хагалгаа хүлээж байгаа, биеийн байдал маш хүнд, их цус алдсан тул маш эрсдэлтэй, байдал хаашаа ч эргэж болно" гэх хүнд мэдээг сонсчээ. Гэсэн хэдий ч ухаан ороод хамгийн түрүүнд хүү, дүү нараа зүгээр эсэхийг асуусан байна. Ээж нь 16 настай эмэгтэй дүүг нь амиа алдсан гэж хэлж зүрхлэлгүй, хичээлдээ явсан л гэж товчхон хариулжээ. "Хэрвээ том охин маань гэртээ гарч ирвэл дүүгийнх нь талаар юу гэж хэлнэ ээ" хэмээн шаналан суух энгийн нэгэн ээж, иргэн Г.Болормаатай хэсэг зуур ярилцлаа.

-ҮЛДСЭН ГУРВАН ХҮҮХДЭЭ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОЁ ГЭСЭН Л ХҮСЭЛ БАЙНА, ӨӨР БОДОГДОХ ЮМ АЛГА-

-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна. Ямар гэмтэл авсан бэ?

-Хоёр хүүгийн маань хөл гэмтэлтэй, зогсож, явж чадахгүй хэвтрийн байдалд байна. Багынх нь тархи доргилттой, цус хурсан. Толгойндоо оёдол тавиулсан. Том охин маань бол маш хүнд саяхан л ухаан орсон. Хавирга нь тэр чигээрээ хугарч, хэвлий хэсэгтээ том хагалгаанд орсон. Одоогоор сайн ярьж чадахгүй, их зовиуртай, өвдөлттэй байгаа.

-Тухайн өдөр ийм харамсалтай зүйл болсон талаар та анх яаж мэдэв, эмнэлэгт очиход хүүхдүүд нь ямар байдалтай байсан бэ?

-Хоёр хүүгийн маань хичээл өдөр 15:40 цагт тардаг юм. Тэгээд энэ хэд гэртээ байж байгаад дөрвүүлээ уулын орой дээр байдаг тоглоомын талбай явж тоглоно гээд гарцгаасан. Хоёр дүү нь эгчийгээ "та түрүүн явж тоглоогүй юм чинь, одоо хамт явья" гээд аваад явсан. Тэгээд л удаагүй эмнэлгээс залгаад хүүхдүүдийн регистерийн дугаарыг асуусан. Би ч сандраад шууд эмнэлэг дээр яваад очтол хүүхдүүд рүү маань шууд оруулаагүй. Сэхээний тасаг руу орцгоосон байсан. Тэр үед би "дөрвөн хүүхэд байсан яагаад нэг нь байхгүй байгаа юм гээд уйлаад явж байтал цагдаа ирээд болсон явдлыг хэлсэн. Тэгээд л би цочролд орсон.

-Осол гаргасан жолооч та бүхэнтэй ирж уулзсан уу, ямар хүн байсан талаар та бүхэнд мэдээлэл өгсөн үү? Ар гэрээс нь хүн ирсэн үү?

-Осол гаргасан жолооч ирж уулзаагүй. Эмэгтэй хүн байсан л гэж хэлсэн. Одоо хорьчихсон байгаа юм байна лээ. Шүүх хурал дээр л уулзацгаах байх. Ар гэрийнхэн нь бол ирсэн. Талийгаачийн ажил явдал дээр ирж юм хум авч өгсөн. Хүүд маань таяг, ээжид нь гарынх нь сойлтыг авч өгсөн.

-ТАЛИЙГААЧ МААНЬ ГАГНУУРЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ, ЭЭЖ, ААВДАА БАЙШИН БАРЬЖ ӨГНӨ ГЭЖ ЯРЬДАГ БАЙЛАА-

-Энэ хэрэг дээр ажиллах, та бүхэнд хууль, эрхзүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч олдсон уу?

-Энэ тал дээр эгч нь ямар ч мэдээлэлгүй байгаа. Охины найз Г.Шинэтуяа гээд охин л бидэнд туслаж хандивын аян зохион байгуулж, өмгөөлөгч авах ажлыг хариуцаад явж байгаа. Бидэнд туслаж байгаа тэр охинд маш их баярлаж байгаа. Монголынхоо сайхан сэтгэлт хүмүүст ч бас их баярлаж байна. Эгчийнх нь хувьд энэ хэдийгээ анхаараад, эмнэлэгээр яваад маш завгүй байгаа болохоор өмгөөлөгч авах талаар мэдээлэлгүй байна. Дүү маань Г.Шинэтуяатай хамтраад энэ талыг хариуцаж байгаа.

-Цаашид эмнэлэгээр их явах, эм, тариа авах асуудал их байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Хоёр хүү маань л гэхэд өнжөөд эмнэлэг орж боолтоо солиулдаг. Бас гэрээр эм, тариа хэрэглэж байгаа. Тэр болгонд л мөнгө урсаж байна. Эмнэлэг орох бүртээ таксидаад, энэ хоёрыгоо үүрч дүүрээд л явж байгаа. Том охины хувьд цаашид том хагалгаанууд хүлээж байна. Гэсэн ч хөл дээрээ буцаж босоод, эргээд хэвийн болох тал дээр эргэлзээтэй байгаа нь санаа зовоож байна. Эв эрүүл байсан хайран сайхан хүүхдүүд минь ийм болчихсон гэж бодохоор цаашдаа ирээдүйд нь их санаа зовж байна.

-Таны сэтгэл санаа ямар байна?

-"Үхсэний араас үхэлтэй нь биш, энэ гурвыгаа л хөл дээр нь босгоод авья, сэтгэлийн тэнхээтэй байя гэж бодож байгаа ч маш хэцүү байна. Бага охиноо алдчихсан. Эгч нь дүүгээ амиа алдсаныг мэдээгүй. Хичээлдээ явж байгаа л гэж хэлсэн. Одоо том охин маань гэртээ гарч ирвэл юу гэж хэлнэ ээ гэж их хямарч байна. Амиа алдсан охин маань энэ жил 9-р ангиа төгсөх байсан. Гагнуурчин болоод, ээж, аавдаа байшин барьж өгнө гэж ярьдаг байлаа. \уйлав\

Гэр бүлд туслах ХАНДИВЫН ДАНС: 5032705098 ХААН БАНК, Г.Болормаа