ШУУРХАЙ: Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хүний амь нас хохироосон хэрэгт шүүхээс "нэмэлт мөрдөн байцаалт явуулах"-аар прокурорт буцаажээ

ШУУРХАЙ: Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хүний амь нас хохироосон хэрэгт шүүхээс "нэмэлт мөрдөн байцаалт явуулах"-аар прокурорт буцаажээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж нь өнгөрсөн оны наймдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө /2023.08.10-11/ Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн билээ. Тус хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тодруулбал, прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. 

Тэгвэл Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүх тус хэргийг хэлэлцээд прокурорт буцаажээ. Тодруулбал, нэмэлт мөрдөн байцаалт явуулж, шинжилгээний дүгнэлт  гаргуулахаар прокурорт буцаасан байна. 

Прокурорын төлөвлөсөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд, "Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.