Үзүүлэнгийн нэг ширхэг хумсыг салгаж газар унагаасан хүүхдийн эцэг, эхтэй худалдагч нь маргалдсан зөрчлийг шүүхээр шийдвэрлэжээ

Үзүүлэнгийн нэг ширхэг хумсыг салгаж газар унагаасан хүүхдийн эцэг, эхтэй худалдагч нь маргалдсан зөрчлийг шүүхээр шийдвэрлэжээ

“Х” худалдааны төвд лангуу эзэмшиж бизнес эрхэлдэг В.Н, Ж.Э нар нь насанд хүрээгүй О-г лангууны ширээний үзүүлэн дээр байсан 1 ширхэг хумсыг салгаж газар унагаасны улмаас түүний эх, эцэгтэй маргалдсан, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх нар нь дээрх худалдагч нартай маргалдсан зөрчилд холбогдогч нар нь бие биеэ үг хэлээр доромжилсон үйлдлийг анхан шатны шүүх холбогдогч нар олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гэж үзэж Зөрчлийн тухай хуульд заасан зохих шийтгэлийг оногдуулсан байна.
 
“Х” худалдааны төв нь хуульд зааснаар олон нийтийн газарт хамаарах бөгөөд бусдын амгалан тайван байдал алдагдуулан “Танхайрах” гэдэг нь олон нийтийн газарт биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тухай ойлголт юм.
 
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн 31.2.1-д зааснаар “...Иргэн олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журам сахихыг бусдаас шаардах эрхтэй...” бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хэрүүл маргаан үүсгэн, бусдыг хэл амаар доромжлох, орилж, хашхирах зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан танхайрах зөрчилд хамаарна.
 
Иргэн бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.
 
Дээрх үүргийг биелүүлэлгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуулийн зорилго юм. Иймд дээрх нэр бүхий зөрчилд холбогдогч нарыг Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэврийг үндэслэлтэй гэж дүгнэв.
 
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Хосбаяр