МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, Гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ер нь голчлон дотоод асуудлууд хэлэлцлээ.
Сонгуулийн тухай хуулиар гишүүд тавдугаар сарын 15-аас өмнө тойрогтоо ажиллах боломжтой. Үүнээс хойш зургаадугаар сарын 10-ныг хүртэл гишүүд тойрогтоо ажиллах боломжгүй. Иймээс тойрогтоо ажиллахыг нь хориглож болохгүй. Бид Бямба, Ням зарим үед Даваа гарагт бүлгийн хурал хийх зарим үед хойшлуулж байгаа. Гурилыг НӨАТ-аас чөлөөлөх хууль гуравдугаар сарын 19-ны өдөр УИХ-аар орсон. Иймээс 45 биш 23 хонож байгаа юм. Гурилыг импортын татвараас чөлөөлөх нь хоёр талтай. Иймд аль, аль талыг нь авч үзнэ. Төсвийн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулсан тул энэ сард багтаан хуулийн төслийг хэлэлцүүлнэ.
Мөн МАН дүрмийн дагуу 10 гаруй гишүүнээ намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн. Цаашид яллагдагчаар татагдсан гишүүдийг түдгэлзүүлэх санал гаргана. Тэдний дунд орон нутгийн удирдлагууд ч бий" гэв.