Өнгөрсөн оны есдүгээр сарын 18-нд гудамжинд явсан иргэд рүү хутга барин халдаж, автомашинаар дайрахыг завдсан нэгэн иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэхүү хэрэг Баянгол дүүргийн XI хорооны нутаг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан доторх зогсоолын орчимд болсон бөгөөд иргэн Т.С, С.А нар гэмт этгээдэд хутгалуулсан юм.
Уг хэргийг Б.Отгонтөгс гэх эр үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлэн, Сонгинохайрхан дүүргийн нутгаас дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас Б.Отгонтөгсөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1-2.6-гийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг хөнөөхийг завдсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мөн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг мансууруулах бодисыг худалдсан, худалдах зорилгоор хадгалж, тээвэрлэсэн үйлдэлд нь дээрх хуулийн 20.7-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлсэн гэх мэдээлэл бий.