Энэ сарын 23-24 нд шилжих шөнө ОХУ-ын иргэн манай улсад 200 гаруй сая төгрөг, 50 мянга гаруй ам.доллартай явж байхад нь, манай улсын Тагнуулын байгууллагын Д гэгч нь өөрийн доор, нэг бүлэгт хамт ажилладаг М нарын дөрвөн ажилтантайгаа хамтран дээрэмдсэн хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Манай улсын тагнуулын албан хаагчид тус иргэнийг дээрэмдэхдээ галт зэвсэг /байлдааны буу/ ашигласан болох нь тогтоогдсон гэж буй.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "ТЕГ ажиллагаа явуулсан нь үнэн. Гэхдээ дээрэм хийгээгүй. ЦЕГ-ынхантай давхцсан үйлдэл болсон байх магадлал өндөр байна. Бүх ажиллагаа прокурорын зөвшөөрөлтэй явагддаг" гэв.
Мөн энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн шөнө ажиллагаа явуулсан. Одоогоор надад дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.