Хэдэн жилийн өмнөөс л хөрс суурь нь тавигдаж, өнгөрсөн жилээс утгаараа дэгдсэн Америк, Хятадын худалдааны дайн өнөөдөр олон улсын хэвлэлүүдийн гол сэдэв болчихоод байна.
Харилцан нэгэнрүүгээ эдийн засгийн аргаар довтолсон, нэгнийхээ бүтээгдэхүүн үйлчилгээг хааж боосон алхмууд гарч буй энэхүү сөргөлдөөний улмаас гагцхүү хэрэглэгчид , үйлдвэрлэгчид хохирно гэж ОУВС анхааруулсан ч хоёр тал зөвшилцөл хийхийг яарахгүй байгаа бололтой.
Энэ “дайн”-аас хэн хохирох вэ?
Дэлхийд 600 тэрбум ам.долларын алдагдал нүүрлэнэ гэв
АНУ болон БНХАУ-ын худалдааны дайны дүнгээр татвар хураамж нэмэгдэж, Америки хятадын зах зээлийг бүхэлд нь хамарвал 2021 онд дэлхийн ДНБ 600 тэрбум ам.доллараар буурна гэж Блүмберг агентлагийн эдийн засагчид болох Дэн Хансон болон Том Орлик нар дүгнэжээ.
Эдийн засагчдын тооцоолсноор, “дайтагч” хоёр талаас илүүтэй хохирох нь Хятад улс гэнэ. Энэ улс худалдааны дайны уршгаар 0.8% алдах бол АНУ ч мөн ойролцоо хэмжээний алдагдал хүлээнэ гэж эдийн засагчид үзэж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар зөвхөн татвар хураамж нэмэгдснээс төдийгүй хөрөнгийн зах зээл 10 хувиар унавал илүүтэй хохирол гарна гэж шинжээчид болгоомжилж байгаа юм.
Энэ тохиолдолд Хятад ДНБ-ий 0,9%, АНУ-0.7%, харин дэлхийн ДНБ 0.6% буурч болзошгүй гэнэ.
Хүчтнүүдийн хөлд хүчгүй нь үрэгдэхийн үлгэрээр хоёр гүрний сөргөлдөөний улмаас Хятадын экспортын нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг Тайвань, Өмнөд Солонгос, Малайз улсууд ихээхэн хохирох магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.
Хятадуудын “реакци”
Худалдааны дайн хятадуудын эх оронч үзлийг дэврээв. Хоёр улсын хооронд өрнөж буй сөргөлдөөн түүнчлэн Хуавэй компанийг хар жагсаалтанд оруулсны улмаас Хятадын иргэд iPhone болон Apple-ийн бусад бүтээгдэхүүнүүдийг олноороо бойкотлож эхлэсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Тэд Apple компанийн бүтээгдэхүүнүүдийг бойкотлох гэж байгаа талаараа төрөл бүрийн форум, олон нийтийн сүлжээгээр зарласаар байгаа юм.
Энэ хандлага дөнгөж өчигдрөөс л эхэлчихсэнгүй. Өнгөрсөн онд л АНУ, Хятадын худалдааны дайны эхний алхмууд хийгдсний дараагаас л хятадууд Америкийн компаниудын бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж эхлэсэн гэхэд болно. Харин тэдний энэ шийдвэр дээр “галд тос нэмсэн” үйлдэл нь Хаувэй компанийг АНУ хар жагсаалтанд оруулж, Америкийн бизнес хүрээллийнхэнтэй хамтран ажиллах боломжгүй болгосон шийдвэр гаргасан явдал байв.
Үүний дараа Хятадын томоохон хэвлэлүүд Америкийн эсрэг суртал ухуулгад нэгдэж, төрийн хэвлэл болох The Global Times сонин Хятадын оршин суугчдыг “ардын дайнд ” уриалсан томоохон нийтлэлийг саяхан гаргаж байсан юм.
Энэ нийтлэлийн дараагаас л Хятадын компаниуд ажилтнууддаа хандан Хуавэй гар утас хэрэглэсэн хүнд шагнал амлаж, Америкийн түргэн хоолны ресторанаар үйлчлүүлэхгүй, Америкийн автомашинуудыг ашиглахгүй байхыг уриалж, зарим нь бүр албадан, шаардлагыг биелүүлэхгүй бол “ажлаас хална” гэж сүрдүүлсэн гэнэ.
Тэд зөвхөн бодит бүтээгдэхүүн “бойкотлосонгүй”, Америк руу аялахаас ч татгалзаж эхэлжээ.
Хятадын аялал жуулчлалын үндэсний товчооны мэдээлснээр 2018 онд АНУ-ыг зорих хятадуудын тоо 5.7% буурч 2.9 сая хүн энэ улс руу жуулчилсан байна. Харин “дайн дэгдэх”-ээс өмнө буюу 2016, 2017 онуудад АНУ Хятадаас 3 сая гаруй жуулчин хүлээн авч байжээ.
“Дайн”-ы түүх, товчхон: Дэлхийн хоёр том гүрний худалдааны дайн 2018 оны долоодугаар сард эхлэсэн юм. Тухайн үед АНУ Хятадын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд импортын татвар тавьж байв. Энэ нь хятад улс Америкийн технологи болон оюуны өмчийг хууль бусаар хуулбарласны хариу, ийнхүү татвар ноогдуулсан нь америкчуудын ажлын байрыг хамгаалах, худалдааны тэнцвэрийг сэргээхэд чухал хэмээн Трамп тайлбарлаж байсан юм.
Энэ оны эхээр хоёр орны хэлэлцээрт дэвшил ажиглагдаж, Хятад улс худалдааны тэнцвэргүй байдлыг устгах санал АНУ-д тавьсан юм. Үүний тулд Хятад 2019 онд АНУ-аас авах импортыг их хэмжээгээр нэмэгдүүлэхэд бэлэн гэж мэдэгдэж байлаа. Мөн ойрын зургаан жилд импортын өсөлт 1 их наяд ам.доллар болно гэж тооцоолж байлаа. Ингээд хэдэн сарын хугацаанд талууд завсарлага аван, татвар хураамж ч дахин хөдөлсөнгүй.
Гэвч тавдугаар сарын эхээр Трамп нөхцөл байдал мухардалд орсон гэх утга бүхий мэдэгдлийг Твиттер хуудсаараа дамжуулан хийсэн юм.
АНУ болон Хятадын хэлэлцээрийн сүүлийн шат өнгөрсөн сарын 10-нд болсон. Энэ өдөр Хятадын 200 тэрбум ам.долларын импортын татварыг 10-аас 25% болгон нэмэгдүүлэх Дональд Трампын шийдвэр энэ өдрөөс хүчин төгөлдөр болов. Үүний дараа Хятад улсад хэлэлцээр хийхэд гурваас дөрвөн долоо хоног л үлдсэн, зөвшилцөхгүй бол дахин 325 тэрбум ам.долларын Хятадын импортод 25 хувийн татвар ноогдуулна гэж АНУ мэдэгдэж байсан юм.