Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Лаос, Тайланд, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар албаныхан сэрэмжлүүлдэг. Гэвч “өндөр цалинтай ажилд авна”, “хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, Монгол Улсын дөрвөн иргэнийг хуурч мэхлэн Тайланд руу худалдаалсан этгээдүүдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн.
Тэгвэл тухайн этгээдүүд нь хохирогчдын биеийг нь үнэлүүлэх зорилгоор “Тайланд Улсад очоод хауст байрлана. Өндөр цалинтай. Та нараас ямар ч зардал гарахгүй, тэнд очихоор чинь бүх зардлыг тэнд байдаг эзэн нь гаргана, санаа зоволтгүй” гэх зэргээр хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж онгоцны билет авч өгч явуулсан" байсан гэдгийг эх сурвалжийн мэдээллээ.
Уг хэргийг хуулийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах; 1-д "Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хуулийн 2.2-д "хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Иймд, олон нийтийн цахим сүлжээ болон танил, найз нөхдөөсөө тавьсан Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзаж, энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг иргэд Та бүхэнд дахин сэрэмжлүүлж байна.