"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хэргийг өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.11/ хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Мөн "Ногоон автобус"-ны хэрэгт холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолоор худалдан авах үйл ажиллагаанд хянан шалгалт хийх түр хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилоод байгаа.
Тэгвэл "Ногоон автобус" гэх хэргийг шүүх хурлыг дээрх түр хорооны сонсголын дараа явуулахаар тохирсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, Хянан шалгах Түр хороо нь "Ногоон автобус"-ны сонсголыг энэ сар /2024.04/-д зохион байгуулахаар болсон бөгөөд уг сонсголын дараа шүүх хурлыг явуулахаар болсон аж.
Тиймээс ч "Ногоон автобус"-ны хэргийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.
Ташрамд өгүүлэхэд, Улсын Их Хурлын тогтоолоор байгуулагдсан Хянан шалгалт хийх түр хороо нь нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгааныг тодруулан шалгахын зэрэгцээ төрийн нууцад хамааруулсан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэхийг тогтоох юм.