ШУУРХАЙ: "Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц худал мэдээлэл тараасан" гэх Т.Бат-Эрдэнэ Хил хамгаалах байгууллага болон Ерөнхийлөгчөөс уучлалт хүсжээ

ШУУРХАЙ: "Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц худал мэдээлэл тараасан" гэх Т.Бат-Эрдэнэ Хил хамгаалах байгууллага болон Ерөнхийлөгчөөс уучлалт хүсжээ

"Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй худал мэдээллийг цахим сүлжээнд удаа дараа тарааж байсан" гэх Т.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 27 /2024.03.27/-ны өдөр болохоор товлогдсон бөгөөд дээрх гэмт хэрэгт холбогдсон Т.Бат-Эрдэнэ нь Хил хамгаалах ерөнхий газар, Звсэгт хүчний бие бүрэлдэхүүн жанжин штабын хамт олон болон Дотоодын цэргийн штабын болон 05-р ангийн бие бүрэлдэхүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсэж байгаагаа манай сайтаар дамжуулан мэдээллээ.

Тэрбээр энэ талаараа "Монгол Улсын иргэн Т.Бат-Эрдэнэ миний бие 2023 оны наймдугаар сарын 30 ны өдөр болон есдүгээр сарын 13-ны өдөр цахим орчинд худал мэдээлэл түгээж Хил хамгаалах ерөнхий газар тэр дундаа Овоотын отрядыг нүүлгэж хилийн шугмыг ухраасан талаар мэдээлэл тараасан билээ. Энэхүү худал мэдээллийг өмнө бусдын цахим орчинд тараасан мэдээллүүдийг үндэслэн тараасан бөгөөд тухайн мэдээллүүд нь бүгд ор үндэсгүй худал мэдээлэл байсан юм. Үүгээрээ би мэдээлэлд шүүлтүүргүй хандаж мянга мянган хилчин дайчдынхаа нэр хүндэд халдсандаа уучлал хүсэж байна.

Мөн есдүгээр сарын 13-ны өдөр Дотоодын цэргийн 05-р анги болон зэвсэгт хүчний ангиуд хамтран Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тушаалаар Баян-Өлгий аймагт хээрийн сургуулилт хийж байгаа мэтээр худал мэдээлэл тараасандаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жанжин штабын хамт олноос мөн Дотоодын цэргийн штабын болон 05-р ангийн бие бүрэлдэхүүнээс уучлал хүсэж энэхүү залруулга мэдээллийг нийтлүүлж байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсандаа маш их харамсаж уучлал гуйж байна" гэжээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад,  Монгол Улсын иргэн Т.Бат-Эрдэнэ нь 2023 оны наймдугаар сарын 30 /2023.08.30/-ны өдөр "Чагнаа Чаагий" гэх нэртэй фейсбүүк хаягаас "Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна" гэх худал мэдээлэл нийтэлсэн. Мөн есдүгээр сарын 13-ны өдөр нэр бүхий хаягаас "Казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж Засаг төрийг эргүүлцгээе" гэх утга агуулга бүхий зүйл нийтэлсэн байдаг. 

Түүнчлэн тэрбээр олон нийтийн сүлжээнд, "Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилт хийгдэж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой" гэсэн худал мэдээллүүдийг тараасан болохыг Тагнуулын байгууллагаас тогтоосон байдаг.

Тиймээс тухайн иргэнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж, улмаар прокуророос Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсэг Үндэсний эв нэгдлийг бусниулах, Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсэг Худал мэдээлэл тараах гэсэн зүйл ангиар яллаж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Эрүүгийн тухай хуулийн 19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах 1-д "Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ. Мөн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах 1-д "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж тус тус заажээ.