"Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өнөөдөр /2020.01.21/ Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ хурандаа нар оролцсон хахуулийн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төрийн алба хаагчид авлига авах ёстой юм шиг нэхдэг болсныг би илчлэх гэсэн юм. Хууль бидний эрхийг хамгаалах гэж байдаг болохоос хуулийн этгээд өндөр албан тушаалтан биднийг дарамтлах гэж ашиглах зүйл биш.
“Бавгар" ХХК 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээг зурсан. Тус барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн юм. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон.
2015-2017 онд миний ээж анх энэ ажлыг гүйцэтгэж яваад 2017 оны 12 сарын 30-ны өдөр авто ослын улмаас амиа алдсан учраас ээжийнхээ ажлыг би үргэлжлүүлж байгаа нь энэ. ЦЕГ-аас ээжийг минь өнгөрөөд долоо ч хоноогүй байхад “Ажлаа хурдан хий. Хэн энэ ажлыг үргэлжлүүлж хийх юм бэ” гэж дарамталж эхэлсэн учраас "Бавгар" ХХК-ийн захирлын албан тушаалыг 2018 оноос гүйцэтгэж эхэлсэн юм.
2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа.
ЦЕГ гэрээний мөнгөө өгөөгүйгээс болж хамтарч ажиллаж байгаа гүйцэтгэгч компанийг хохироож эхэлсэн. Манай компани гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2018 онд банк бусаас зээл авч, ажлаа үргэлжлүүлж хийсэн. ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга н.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Энэ төслийг авахад “Ээжтэй чинь хийсэн яриа байгаа. Ашиглалтад орчхоод байгаа пентхаусаас хоёр ширхгийг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг" гэж намайг дарамталсан. Пентхаус тус бүрдээ нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй.
Дараа нь “Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд орно” гэж хэлсэн. Цагдаагийн албаны дарга хүнийг яллаад явуулчихдаг юм уу? Би Хууль зүйн яаманд хандаж энэ асуудлыг шалгуулмаар байна. Хурандаа нар яагаад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байрыг надаас нэхээд дарамтлаад байгаа юм бэ. Барилга барихаар бүх төрийн албатай холбогддог. Энэ бүх шатанд гарын үсэг зурах маш хэцүү. Хоолонд оруулдаг, дайлж цайлдаг, эсхүл нэг даргаар яриулдаг. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. Бид ажил хийж байгаа юм чинь бүрдүүлж байгаа материалаа өгөөд, шударгаар ажлаа хиймээр байна. Би худлаа мэдээлэл өгч байгаа бол хариуцлагаа 100 хувь хүлээнэ. Намайг шалгаад үз. Би энэ хотхоныг авсан цагаасаа хойш ганц төгрөг ч өөртөө наагаагүй.
Би хоёр ширхэг пентхаус, 30 ширхэг байрыг хурандаа нарт зүгээр өгөх ёстой юм уу? ЦЕГ-т энэ асуудлаар 2018 онд хандсан. 2019 онд ч мөн хандсан. Би бүр яриад байгаа зүйлийнхээ нотлох баримтыг хүртэл өгөөд байхад намайг дарамтлах байдлаар эргэж ярьсан. Мөнгөгүй, эрх мэдэлгүй хүмүүс мөнгөтэй хүмүүсийн хохирогч болох ёсгүй” гэсэн юм.