Хотын дарга С.Амарсайхан энэ сарын 2-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр автомашин ачилтын компаниудыг цэгцлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ. Тэрбээр “Ачилтын компаниудын үйл ажиллагааг цэгцэл. Жолоочид мэдэгдэлгүйгээр журмын заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ачаад явдаг байдлыг зогсоо. Цагдаагийн албан хаагчид энд тавих хяналтаа дээшлүүл” гэсэн.
Үүний дагуу ачилтын компаниуд “жолоочийн гар утас руу мессеж илгээх” үйлчилгээг энэ сарын эхээр нэвтрүүлж байгаагаа олон нийтэд зарласан. Тодруулбал, жолооч зөвшөөрөлгүй газарт автомашинаа байршуулсан бол гар утсанд нь мессеж илгээж, тухайн жолооч ямар нэг хариу өгөөгүй бол автомашиныг шууд ачих зохицуулалттай болгон өөрчилсөн.
Гэтэл бодит байдал дээр машин Ачигч автомашинуудын нэгдсэн холбооноос гаргасан зохицуулалт, журам болон Хотын дарга С.Амарсайханы үүрэг хоёрын аль ч биеллээ олохгүй байна. Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр Зуун айл орчимд автомашинаа байрлуулсан иргэдийн автомашиныг тэдэнд урьдчилж огт мэдэгдэлгүйгээр ачилтын компани ачиж журамласан байна.
Иймд иргэд “Жолоочийн утсанд мессеж илгээж “ачих гэж байна” гэж мэдэгдэх зохицуулалттай болсон гэсэн. Гэтэл бидэнд мессеж ирээгүй гэхэд, Ачилтын компанийн ажилчид “Үгүй ээ. Автомашиныг ачихаасаа өмнө мессеж бичиж мэдэгдэх биш юм. Харин ачсан хойноо машиныг тань журамласан газрын хаяг, хаанаас ирж авахыг л мессежээр илгээнэ” гэсэн хариултыг өгчээ.
Иймд хотын дарга С.Амарсайханы “автомашиныг ачихаас өмнө мэдэгдэх ёстой” шийдвэрийг ачилтын компаниуд “Ачсаны дараа мессежээр иргэнд мэдэгддэг” болгон өөрчилжээ. Дашрамд дурдахад, хэрэв ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн хохирол амссан бол Нийслэлийн автозамын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой аж.