УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор өчигдөр хэлэлцэх товтой байсан ч дахин хойшилсон. Учир нь баасан гарагийн байнгын хорооны хуралдаанд Д.Лүндээжанцан гадаад томилолттой гэж хойшилсон бол өчигдрийн хуралдаан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй учир хойшилсон юм.
Харин Н.Номтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайд байхдаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-гаас төрийн өндөр албан тушаалтнуудад бага хүүтэй зээл гаргуулсан гэх хэрэгт яллагчдаар татсан гэж АТГ-аас мэдэгдэж байгаа.
Иймд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал тус хэрэгтэй холбоотой байх талтай байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлд өгсөн тайлбартаа “түдгэлзүүлэх үндэслэлийг ямар ч үндэслэлгүй хэмээгээд, сайд /ХНХ/-ын хувьд үүрэгт ажлаа хуулийн дагуу хийсэн. Тэгээд ч надаас нэг ч мэдүүлэг аваагүй байж яллаад байгаа нь цэвэр улс төрийн явуулга” гэжээ.