Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ манай хоёр улсын хил орчмын шар шорооны шуурга, цөлжилтийг бууруулах асуудлаар тус улсын дарга Ши Жиньпинтэй тухайлан ярилцсан билээ. Тус ажил нь өдгөө ажил хэрэг болж, БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байгаа аж.
Тус сангийн төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Сангийн дэд тэргүүн Лю Жэн Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дээрх ажлын хүрээнд хоёр орны хамтарсан Төрийн бус байгууллага байгуулж хамтран ажиллах болсон тухайгаа хэлсэн байна.
Мөн төлөөлөгчдийн багт БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейны ажлын хэсгийнхэн багтаж ирсэн бөгөөд усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгнө гэлээ.