ШУУРХАЙ: "Нүүрсний сонсгол"-д ирээгүй Х.Баттулга нарыг 300 мянган төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулах хэргийг шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: "Нүүрсний сонсгол"-д ирээгүй Х.Баттулга нарыг 300 мянган төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулах хэргийг шүүхэд шилжүүлжээ

УИХ-ын Түр хорооноос өнгөрөгч арванхоёрдугаар сар /2023.12/-д хоёр үе шаттайгаар зохион байгуулсан "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дуудсан ч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй хүмүүст зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдод албан бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдод хүргүүлсэн албан бичиг

Тэгвэл тухайн зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэгдэх Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, “Бодь Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра, НИТХ-ын дарга Д.Батбаясгалан, "Тавантолгой түлш"-ийн Ц.Даваацэрэн, Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар нарын 120 хүнд холбогдох зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар шүүхэд шилжүүлсэн байна. Тус зөрчлийн хэргийг шүүх хэлэлцэн тухайн хүмүүст хариуцлага тооцох юм. 

Учир нь "Зөрчлийн тухай" хуулийн 15.33.6-д, "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаан, сонсголд оролцсон этгээд дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хүнийг нэг зуугаас гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянгаас дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Өөрөөр хэлбэл, Шүүхээс дээрх нэр бүхий холбогдогч нарыг "Зөрчлийн тухай" хуулийг зөрчсөн гэж үзвэл 100-300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг 2 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм байна.  

Харин "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дуудагдсан хүрэлцэн ирээгүй шалтгаанаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга "гадаадад томилолттой яваа" хэмээн тайлбарласан байдаг. Үнэндээ тэрбээр тус сонсголоос зугтаж Сингапурын зорьсон гэх мэдээлэл ч байдаг. Учир нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс болон нүүрсний орлогоор Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүдүүн царигтай "мухар төмөр зам"-ууд тавигдсан гэдэг.