УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой гурван маргаан Үндсэн хуулийн цэцэд очсон байна.
НЭГДҮГЭЭРТ, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалтаар гомдол гаргасан байна. Иргэн Л.Мөнхсайхан, Т.Баярхүү нар Үндсэн хуулийн цэцэд дээрх шалтгаанаар мэдээлэл гаргажээ. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан заалт гэж буй.
ХОЁРДУГААРТ, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж уржигдар Цэцэд мэдээлэл илгээж "Үндсэн хуулийн 3.1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Үндсэн хуулийн 16.9-д “Шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарлажээ. Гэтэл Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн, амьдарч, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ сонгуульд санал өгөх эрхийг хангаж зохицуулаагүй, орхигдуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна. Санал өгөх боломжийг хангах хууль, эрх зүйн зохицуулалтыг заавал бий болгох үүрэгтэй. Гадаадад байгаа иргэдийн сонгуульд оролцох эрхийг хассанаараа УИХ нь Монгол Улсын иргэдийнхээ халдашгүй эрхэд халдсан, нөгөө талаар Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна. Үүнийг засаж, залруулах, Үндсэн хуулиа хамгаалах, зөрчлийг нь арилгах үүрэг Цэцэд ногдож байна " гэжээ.
ГУРАВДУГААРТ, Иргэн А.Кадырбек УИХ-ын сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавих хуулийн хугацаа дуусаагүй, тус хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлээгүй байхад нь мэдээллээ гаргасан гэсэн гомдлыг гаргасан байна.