13 настай хүү 60 удаагийн орон байрны хулгайн үйлдэлтэйгээр баригджээ

13 настай хүү 60 удаагийн орон байрны хулгайн үйлдэлтэйгээр баригджээ

Орон байрны 60 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг Цагдаагийн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлсэн байна. Энэхүү хэргийг үйлдсэн бүлэг этгээдүүдийн дунд 13 настай М гэгч байжээ. Одоогоор хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа юм байна. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2020.01.15/ мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр энэ тухай “Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бүлэглэн орон байрны хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлээ. Тухайн хэргийг мөрдөн байцаах явцад насанд хүрээгүй 13 настай хүүхэд тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцдог байсныг урьдчилсан байдлаар тогтоосон.

13 настай М гэгч 19 настай бүлэг этгээдүүдтэй хулгайлах гэмт хэрэг үйлддэг байснаа мэдүүлээд байгаа. Тухайн этгээдүүд  2019 оноос өдийг хүртэл 60 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Сурагчдын амралт эхэлсэн байгаа энэ үед хүүхдэдээ эцэг эхчүүд анхаарал хяналт сайн тавихыг анхааруулж байна.

М гэгч нь хичээлээ тараад, хичээлээ тасалж хулгайлах гэмт хэрэг үйлддэг байснаа мэдүүлээд байгаа билээ. Мөн хулгайлсан эд зүйлсээ ломбард, худалдааны төвүүдээр явж зарж борлуулдаг байсан байна. Иймд ломбардуудыг Цагдаагийн ерөнхий газруудаас шалгаж, хулгайн эд зүйлс авсан зэрэг зөрчил илэрсэн үед хаах хүртэл арга хэмжээ авна.

Хулгайн гэмт хэрэг өглөөний найман цагаас оройн 18 цагийн хооронд үйлдэгдэг гэсэн судалгаа байгаа. Иймд олон хоногоор ар гэрээ хүнгүй орхиж явсан тохиолдолд хажуу айлдаа захих, гэрийнхээ орчинг камержуулах зэрэг хараа хяналтаа сайжруулмаар байна” гэв.

Тухайн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 13 настай хүү Сонгинохайрхан дүүрэгт ерөнхий боловсролын сургуульд суралцдаг байна.

Тэрээр өгсөн мэдүүлэгтээ “Ар гэрийн асуудлаас болж хулгайлах гэмт хэрэг хийдэг байсан. Гэртээ очихоор  ах согтуу ирчхээд хараалын үгээр хэлж гэрээс хөөдөг. Ийм шалтгаанаар хулгай хийж эхэлсэн. Өнгөрсөн оны /2019/ сүүлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж эхэлсэн.

Хэн нэгний албан шаардлагаар гэмт хэрэг үйлддэггүй. Бэлэн мөнгө их байдаг учраас орон байрны хулгай хийдэг. Тухайн айлйн үнэд хүрэх эд хогшил /зурагт, аяга/ бэлэн мөнгийг нь авдаг.  Хулгайлсан эд зүйлсээ хүмүүсээр дамжуулж ломбард, хувь хүнд зардаг байсан.

Ар гэрийнхэн маань намайг хулгай хийдгийг мэдэхгүй. Гэрийнхэндээ ажил хийж олсон гээд мөнгөө хүргэж өгдөг. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Үе тэнгийн хүүхдүүдээ хэлэхэд “буруу үйлдэл хийж байгаа хүмүүст битгий уруу татагдаарай” гэсэн юм.