Шүүгчийн эрүүл мэндийн шалтгаанаас болж Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурлыг хойшлуулав

Шүүгчийн эрүүл мэндийн шалтгаанаас болж Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурлыг хойшлуулав

Э.БАТ-ҮҮЛ: НАМАЙГ ШҮҮХ ШҮҮГЧ ОЛДСОНГҮЙ ГЭЖ ОЙЛГОЛОО 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан гомдлоор Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ болох байсан ч хойшиллоо. 

Хотын дарга асан Э.Бат-Үүл нь "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" нэртэй бичвэрээ baabar.mn сайтад өнгөрсөн оны зургадугаар сард нийтлүүлсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүнийг төрийн тэргүүнийг гүтгэсэн хэмээн цагдаад өгсөн. Уг гомдлын дагуу хотын дарга асан Э.Бат-Үүлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгосон юм. Тэрбээр уг торгуулийн арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар ийнхүү өнөөдөр шүүх хурал товлогдсон юм.

Гэвч шүүх хуралдааныг даргалж явуулах байсан шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаад байна. Харин маргааш /2020.01.14/ Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогджээ. 

Шүүхийн мэдээлэлд:

Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдолтой Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /6.21 дүгээр зүйл.Гүтгэх, 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-т заасан зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан боловч даргалагч шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Шүүх хуралдаан хэд хоногоор, ямар шалтгаанаар хойшилсныг Хотын дарга асан Э.Бат-Үүлээс тодруулахад “Шүүх хуралдаан хэд хоногоор хойшилсон нь тодорхойгүй байна. Ямартай ч 14 хоногт багтаад тов нь зарлагдах юм гэсэн. Яагаад хойшилсон шалтгааныг нь би мэдэж чадсангүй. Миний ойлгосноор намайг шүүх шүүгч олдоогүй юм гэсэн” хэмээв.

Дашрамд дурдахад, тус шүүх хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцохоо мэдэгдсэн ч оролцсонгүй.