Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн "Өргөний-Энгэр" гэдэг газарт малчин Г нь нэгдүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цагийн орчим адуундаа явна гэж гэрээсээ морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 21:58 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Тамгын газрын ажилтнууд малчин Г /48 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 22:57 цагаас зохион байгуулж, нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01:55 цагт гэрээс нь баруун хойд зүгт 8.5 км-т Айраг сумын Сайн-Ус багийн “Зүүн сондуул” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.