Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан 25 автобусны нэг нь Альфард маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр хүн амь насаа алдсан харамсалтай осол энэ сарын 21-ний өдөр гаргасан билээ.
Тэгвэл тухайн өдөр мөн Өмнөговь аймагт зам тээврийнэ ноцтой осол гарч, нэгэн хүн амь насаа алдсан байна. Тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум "Эрдэнэс тавантолгой уурхайн зам"-д Х.Маяти болон Гранбирд маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөж, Х.Маяти тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон харамсалтай, ноцтой осол гарчээ. Өдгөө тус аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох, бусад шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Орон нутгийн замын нөхцөл байдал цастай, хальтаргаатай, үзэгдэх орчин муу, авто зам болон дугуй барьцалдах чадвар муудсан, зарим үед цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байхад хурд хэтрүүлэн өөртөө болон бусдад эрсдэл үүсгэх тохиолдол цөөнгүй байна. Иймд хөдөө орон нутгийн замд иргэд, жолооч та бүхэн зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зөвшөөрөгдсөн хурдыг баримталж, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахдаа бусдад осолтой нөхцөл үүсгэхгүй байх нөхцөл бүрдсэний дараа үйлдэл хийхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.