Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ өнгөрсөн амралтын өдрүүдэд 363 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 284 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас долоон хүн бэртэж, орон нутгийн замд хоёр хүний амь хохирчээ.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутагт засмал замд энэ сарын 11-ний 03.40 цагийн орчимд "Тоёота Приүс" загварын автомашин 51 настай явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Мөн тус сумын Цамбагарав багийн нутагт засмал замд энэ сарын 12-ны 01.30 цагийн орчимд "Тоёота Раум" загварын автомашин онхолдож, 42 настай жолоочийн амь хохирчээ.
Замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 38 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Тэдгээрийн нэг нь осол гаргасан байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.