Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилсон. Тэрээр сүүлийн хоёр сар орчмын хугацаанд албан үүргээ гүйцэтгээгүй бөгөөд ажлыг нь түүний орлогч прокурор С.Алиманцэцэг хариуцаж байгаа юм.
Энэ талаар зарим эх сурвалж Ерөнхий прокурорын албан ажлыг хийлгэхгүйгээр чөлөөлсөн гэдгийг хэлж буй. Харин албаны эх сурвалжууд түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа түр шилжүүлсэн гэдгийг хэлсэн.
Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий прокурорыг “эрэн сурвалжлав”. Тэрбээр “Ерөнхий прокурорын асуудал яригдаад удлаа. Энэ хүн хаана байгаа юм бэ. Сураг гаргасангүй. Үүнээс болоод мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүд хэрхэх нь ойлгомжгүй байдалд ороод удаж байна. Би Цагдаагийн ерөнхий газрын даргатай уулзах бүртээ “Ерөнхий прокурор чинь ажилд орсон уу. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдээ танилцуулж байгаа юу” гэдгийг асууж байгаа. “Ирэхгүй байгаа” гээд л байна. Энэ асуудлыг ярих цаг болсон. Г.Занданшатар дарга, та ч гэсэн ҮАБЗ-ийн гишүүний хувьд энэ асуудалд анхаарна уу. Яагаад гэгээн цагаан өдөр гарсан хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шийдвэрлэхгүй байгаа юм бэ. Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, ТЕГ-ын дарга нар ажилдаа ороод, удирдаж буй системдээ шийдэмгий шинэчлэл хийх юм болов уу гэж горьдож байлаа. Гэсэн ч дахиад л ойлгомжгүй байдал бий боллоо” гэсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий прокурор даваа гарагт ажилдаа орж, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар УИХ-д танилцуулга хийнэ гэдгийг хэлэв.