Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн.
Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон. Тодруулбал, алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл байсан.
Тэгвэл Ш.Оргилыг дээрхээс өөр хэрэгт шалгаж байгаа аж. Тодруулбал, түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан хэмээн буруутгаж буй. Тус аймгийн хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймгийн хэд хэдэн сумын нутгаас дээрх ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг саатуулж, түүхий эдийг нь багаж хэрэгсэлийг хураасан байдаг. Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танил талынхаа аж ахуйн нэгжид зарсан гэж буруутгаж байгаа гэнэ. Нэлээд хэмжээний буюу олон тонн дэрвэгэр жиргэрүүг ийм байдлаар худалдсан байж болзошгүй гэж шалгаж, байцаалт хараахан дуусах болоогүй аж. Түүнтэй хамт Сэлэнгэ аймгийн Засаг даргын харьяа хэд хэдэн агентлагийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж байгаа юм.