Дорноговь аймгийн Замын Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжилсээр байгаа бөгөөд шаардлагатай бүхий л арга хэмжээг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Д.Сэржмядаг охин 2017 оны 11 сарын 2-ны өдөр хичээлдээ явна гэж гараад сураггүй алга болсон бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг тасралтгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шаардлагатай арга хэмжээг авч байна гэв.
Өнгөрсөн хугацаанд Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр автомашин болон галт тэргээр зорчиж явсан, дамжин өнгөрсөн тус суманд амьдардаг 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг авч шалгажээ.
Энэ хэргийг мөрдөн шалгах явцад бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан зургаан үйлдлийг нөхөн илрүүлж, дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм байна.