Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр өнгөрсөн сарын 28 /2023.12.28/-ны өдөр саатуулан, шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус хэргийн талаар ЦЕГ-аас “ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн "Т" гэгчийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна” гэж мэдээлсэн юм.
Тэгвэл Н.Төгсцогтын хувьд өмнө нь хар тамхины хэрэгт хэд, хэдэн удаа нэр холбогдож байсан юм. Тухайлбал, 2021 онд МУГТ, боксчин Э.Цэндбаатарыг хар тамхины хэргээр 30 хоног саатуулагдахад тэрбээр холбогдсон. Тухайн үед МУГТ, боксчин Э.Цэндбаатар нь өдрийн цагаар Олимпийн гүүрний ойролцоо нүцгэн гүйж яваад цагдаа нарт баригдсан байдаг. Цагдаагийн газраас түүнийг саатуулан шалгахад сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон. Уг хэрэгт холбогдуулан түүнийг 30 хоног саатуулсан. Тэгэхэд Э.Цэндбаатарт хар тамхи өгсөн хүнийг Н.Төгсцогт байсан гэх мэдээлэл байдаг билээ.
Дээрх хэргээс гадна мөн 2021 онд Н.Төгсцогтын найз н.Түмэн гэх залуу өөрийн цахим хуудастаа "Н.Төгсцогт мансуурсан үедээ намайг танилгүй хэд, хэдэн удаа цохиж толгойн тус газарт хүнд гэмтэл учруулсан. Тэр бүү хэл түргэн тусламж дуудаж өгөлгүй явсан" тухай бичиж байв.
Эдгээр мэдээллийн дараа цагдаагийнхан түүнийг анхааралтай ажиглаж эцэс сүүлд нь үйлдэл дээр нь барьсан байна. Тэрбээр цагдаа нарт баригдах үедээ мансуурсан байдалтай байсан бөгөөд биологийн дээж авахад хар тамхи хэрэглэсэн нь илэрсэн гэж буй. Н.Төгсцогтыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Шангрилла" төвөөс илрүүлсэн бөгөөд үйлдлийг шалгаж байгаа ажээ.