ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ ХУУЛЬ: 11.2.4 11.2.4.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтрэх, төрийн ёслолын чанартай арга хэмжээнээс бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэхийг хоиглоно.
Өнгөрсөн оны наймдугаар сард ЗГХЭГ-ын дарга асан, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар “2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглож, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулахаар боллоо. Үүний хэрэгжилт үлгэр жишээ болж Төрийн ордноос эхэлнэ” хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байв.
Үүнээс хойш НИТХ-ын даргыг чөлөөлөх хурал дээр 4-5 төлөөлөгч согтуу орж ирэн үг хэлж, бичлэг нь сошиал орчинд цацагдсан ч тэдэнд арга хэмжээ авсангүй.
Түүгээр зогсохгүй, Төрийн ордонд архидах явдал зогсоогүй гэдэг нь өнгөрсөн тавдугаар сарын 17-нд болсон явдлаар батлагдав. Тухайн өдөр УИХ-ын хэд хэдэн гишүүн тус тусын өрөөнд архидан согтуурсан гэдэг.
Тухайлбал, тус өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүн Төрийн ордны 2 давхарын албан өрөөндөө бусдын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зодоон цохион хийсэн байж болзошгүй ул мөр үлдээснээ амралтын өдрүүдээр төрийн ордны үйлчилгээгээр гүн цэвэрлүүлсэн гэх мэдээлэл байдаг.
Мөн өдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч өөрийн өрөөнд БНХАУ-ын дарга Си Жиньпиний өгсөн архийг задалсан тухайгаа сэтгүүлчдэд өөрийн амаар хэлсэн юм. Тэрбээр уг архийг задалсныхаа дараа МАН-ын бүлгийн хуралдаанд оролцохоор явснаа ч дуулгасан. Тэрбээр Төрийн ордонд архи нэвтрүүлж, хадгалж, ууж, уусныхаа дараа төрийн ажил хийсэн гэдэг нь түүний үгээр батлагдах мэт.
Энэ бол бидний мэдэж буй л баримт. Төрийн ордонд архидалт үргэлжилж байдаг гэдгийг зөвхөн эдгээр баримтаар бус Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын чуулганд оролцох үеэрээ хэлсэн “УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх чадамжаа алдаад байна. Тухайлбал, төрийн ордоны заалтуудыг ноцтой зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирсанаар эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч бас бүрджээ” гэх учир битүүлэг үгсээр ч нотлогдож буй юм.
Ерөнхийлөгч олон нийтэд Төрийн ордонд ийм зүйл болоод буйг зарлан хэлэхийн зэрэгцээ УИХ-ын гишүүдийг ч дуудан уулзаж “архидалтаа боль, наад архидалт чинь хүний аминд хүрээд байна” хэмээн анхааруулсан тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан ч хэлж байлаа.
Ийнхүү Төрийн ордонд ил, далд архидалт байсаар байна. Гэвч учир битүүлэг, иргэдээс хол хөндий тэр саарал ордонд хууль мөрдөгддөггүй. Энэ нь даамжирсаар хүний аминд хүрсэн гэх. УИХ-ын чуулганд хөлөмцүү орж ирсэн гэх бичлэгүүд ч олны дунд хэдэнтээ тарж, хэл ам болсон. Гэвч тэгэсхийгээд л өнгөрчихдөг.
Одоо л төр төмөр нүүрээ харуулж, хуулиа дагаж, энгийн иргэдээ ялгаварлан гадуурхалгүй ижил тэгш хариуцлагаа тооц. Төрийн ордонд иргэдээ төлөөлж орсон УИХ-ын гишүүдээс хэн хэн нь архи уусан, хадгалсан, нэвтрүүлсэн мэдээлэл тодорхой тул, хуулиа дага, журмаа мөрд.
Х.Баттулга “УИХ өөрөө тарах эр зориг гаргана гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэн. Энэ удаагийн УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зөв үү?
Нийт: 72 саналтай