Ц.Мөнх-Оргил: Согтуугаар жолоо баривал эхний удаа 14 хоног баривчлах, хоёр дахь удаагаа хорих ял оноодог болгон өөрчилсөн

Ц.Мөнх-Оргил: Согтуугаар жолоо баривал эхний удаа 14 хоног баривчлах, хоёр дахь удаагаа хорих ял оноодог болгон өөрчилсөн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг шууд Эрүүгийн хуулиар шийтгэх байсныг эхний удаа зөрчлийн хуулиар шийтгэж, 14 хоног баривчилж, хоёр дахь удаад эрүүгийн гэмт хэрэг болгож, хорих ял оноодог болгон өөрчилсөн талаар Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, үлээлгээд тогтоогдох юм бол ЗГ-аас өргөн барьсан хуулийн төсөл дээр шууд Эрүүгийн гэмт хэрэг болгоё. Энэ явдал газар авчихлаа. Хуулийн шийтгэлийг чангатгая гэдэг санал орж ирсэн. Энэ хүрээнд Хууль зүйн байнгын хороонд ажлын хэсэг байгуулагдаад цагдаа, прокурор, шүүх, хүний эрхийн комисс, өмгөөлөгчдийн холбоо болон бусад ТББ байгууллагын төлөөллүүдтэй бид уулзаж ярилцаад эхний удаадаа Зөрчлийн хуулиар шийдгэж, 14 хонгийн баривчилгаагаар торгуулъя, хоёр дахь удаагаа согтуугаар машин барьж байгаад баригдвал эрүүгийн хуулиар хорих ялтай. Мэдээж согтуугаар машин жолоодож яваад хэрэг үйлдэх юм бол угаасаа гэмт хэрэг болно. Дээрх хоёр зүйл бол хэрэг үйлдээгүй согтуугаар машин барьж байгаад баригдсан хүмүүст хамаарна.

Бүхэлдээ хариуцлага чангатгахыг би дэмжиж байгаа. Машин барина гэдэг төрөөс тухайн иргэнд олгож байгаа давуу эрх. Яагаад давуу эрх гэж үзэж байна вэ гэвэл. Машин гэдэг нь бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулах өндөр эрсдэлтэй механизм учраас улс шалгаад машин жолоодож чадаж байна гээд давуу эрх буюу үнэмлэх олгодог.

Дэлхийн олон орнууд согтуугаар эсвэл мансуурсан байдалтай машин барьсан тохиолдолд шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Харин манай улсын хувьд өнөөдрийн нөхцөлд магадгүй согтуугаар машин барьдаг явдал багсахгүй байвал бусад улс шиг шууд эрүүгийн хуульд хамааруулах хэрэгтэй. Одоохондоо зөрчлийн хуулиараа явж байсан нь дээр байх.

Осол гаргаагүй байсан ч согтуугаар машин барьж байгаад баригдвал эхний ээлжид зөрчлийн хуулиар шийтгэж, дараагийн удаад эрүүгийн хуулиар яллаж, согтуугаар жолоодсон тээврийн хэрэгслийн хураах асуудлыг судалж үзэхийг ЗГ-т даалгасан. Энэ төрлийн шийтгэл нь нэг талаар согтуугаар жолоо барихаас сэргийлэх бол нөгөө талаар хохирогчтой тохиолдолд унаж явсан тээврийн хэрэгслийг хурааж гомдлыг барагдуулах хэрэгтэй байх гэдэг үүднээс ийм санал гаргасан байгаа” гэлээ.