Дорноговь аймгийн Сайншанд сумаас аравдугаар сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон бага насны охиныг амь хохирсон байдалтай 77 цагийн дараа олж, эрлийн ажиллагааг зогсоож байсан.
Улмаар хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Нийгмийг цочроосон эл хэрэг тухайн үедээ олны анхаарлыг татаж, цахим сүлжээнд эрлийн ажиллагаатай холбоотой олон төрлийн мэдээлэл гарч байсан нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэгдэж байсан юм. Тэгвэл Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд мөрдөн байцаалтын нууц задаруулсан, саад учруулсан байж болзошгүй гэх үйлдлийг шалгаж, тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасан байна. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.