Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 514 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, орон нутагт нэг хүн амиа алдсан байна. Тодруулбал, өчигдөр 08:30 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сумын “Байнгын хөндий” гэх газар асфальтан замд Тоyota prius маркийн автомашин явган зорчигч 47 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон осол болжээ. Осол хэргийг шалгаж байгаа тухай ТЦА-наас мэдээллээ.
Харин хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
-Явган зорчигч мөргөх хэлбэрээр-5
-Мөргөлдөх хэлбэрээр -1
-Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр- 1 гарчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 тохиолдолд бүртгэгдсэн байна. Иймд жолооч та бүхэн баяр ёслолын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, албан байгууллагаас алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаа, таксигаар үйлчлэх зэрэг ажил, арга хэмжээг дотооддоо зохион байгуулж ажиллах,
Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж автомашинаа асаалттай орхихгүй байх, автомашинаа халаах үедээ эзэнтэй байлгахыг анхаарууллаа.