ВИДЕО: Дуучин Б.Амархүү уучлалт хүсэв

ВИДЕО: Дуучин Б.Амархүү уучлалт хүсэв

ОХУ-ын Буриад Улсын Гавьяат Жүжигчин Б.Амархүү хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт холбогдон саатуулагдан шалгагдаж, анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүг шүүсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргасан билээ. 

Дуучин Б.Амархүү өчигдөр "Экстра онлайн ярилцлаг"-д орж, монголчуудаасаа уучлал хүсэв. Тэрбээр “Олон хүн надаас тайлбар сонсохыг хүсэж байна. Надад итгэдэг хүмүүсийг урт хугацаанд санааг нь зовоосонд уучлаарай. 2006 оны Народны артист тэмцээнээс хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж уран бүтээл хийж байсан. Хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа. Хамгийн түрүүнд ээж, аав, гэр бүлээсээ уучлал гуймаар байна. Мөн миний дууг сонсдог дэмжигчдээсээ уучлал гуймаар байна. Ахиж би ийм хэрэгт огт холбогдохгүй. Цаашдаа олон уран бүтээл хийнэ.

Намайг өмөөрч, шүүмжилж байсан хүмүүстээ баярлалаа. Хүү нь буруу зүйл хийхэд ахмадууд нь хайрлаж загнадаг шиг намайг ухааруулж байгаа хэмээн ойлгож байгаа. Монголчуудаасаа уучлал хүсмээр байна. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна.

Тэнд ороод бусад залуучуудаа хараад маш их зүйл ойлгосон. Гурван сарын хугацаа тийм урт байдаг гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Манай Монголын шорон залуужсан байна гэж санагдсан. Энэ хорт зүйлээс болоод амьдралдаа алдсан олон залуус байсан. Монгол улсаа хөгжүүлэх залуучууд хоригдоод байж байгаа нь харамсалтай санагдсан. Монгол Улсынхаа залуучуудыг аврах уриалга гаргахыг урлаг соёлынхоо найз нөхдөөс хүсэж байна. Би алдаж байж ухаардгийг ойлголоо” гэсэн юм.