Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байсан Ш.Батсайхан нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль, журам, зааврыг зөрчсөн хэрэг олныг үйлдсэн нь шүүхийн шатанд ирсэн билээ.
Тодруулбал, “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иудын эзэмшлийн давхардсан тоогоор нийт 1160 ширхэг тээврийн хэрэгслүүдэд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр, хууль бусаар Авто тээврийн үндэсний төвийн “ERP” цахим мэдээллийн системд бүртгэж буюу хууль бусаар бүртгүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Нийслэлийн прокурорын газраас Ш.Батсайханы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны аравдугаар сарын 25-ны шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ням-Очирын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн прокурорын эсэргүүцлээр Ш.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэлэлцсэн юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх юм.